Түүхэн замнал

Түүхэн замнал

Тус аймгийн шүүх 1927 онд Богд Хан-Уул аймгийн шүүх нэртэй одоогийн Лүн суманд байгуулагдаж байсан.

Аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа шүүхийн түүхийн баримт бичгээс харахад 25 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн яамны тэргүүлэгчдийн хурлаас тус аймгийн шүүх таслах газрын дарга нөхөр Гонгороос өнгөрсөн 24 дүгээр онд шүүх таслах талаар бүхийлэн явуулсан ажил хэргийн ололт дутагдал ба басхүү энэ он дор явуулж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний тухай тус тус тодорхойлон ирүүлсэнийг сонсоод тэмдэглэсэн нь…гэж тэмдэглэсэн тогтоолын байна. Уг тогтоолд “ Олон нийтийн, аж ахуй ба албан байгууллагуудын санхүүг шамшигдуулсан, бүх ард олны эрх чөлөө, хэв ёсыг зөрчсөн хийгээд тус улсын тусгаар тогтнох явдал дор хор бүхий бээр элдэв зүйлийн, төрөл бүрийн гэмт хэргийг үйлдэж хуулийг гажуудуулан ялангуяа энгийн аж ахуйтны эд хөрөнгийг өдий төдийгөөр хулгайлах, дээрэмдэх зэрэг хууль харшилсан явдлууд лугаа зөв зүйтэйгээр тэмцэж засгийн хуулийг гажуудалгүйгээр биелүүлэхийн тулд энэ нэгэн жилийн дотор эрүүгийн хэрэг 1684-г тасалсан ба мөн түүний дотор улсын ба олон нийтийн байгууллагуудын эд хөрөнгө санхүүгийн холбогдолтой хэрэг 514 таслаж түүнийг ашигласан ба дутагдуулсан төгрөг 80399 мөнгө 79-ийг шалгуулахаар шийтгэсний дээр ардын хувь хувийн аж ахуйн холбогдолтой 68700 төгрөгийн ба 657 толгой бод малын хэрэг 984-г тасалсан хийгээд мөн онд ард олны ба аж ахуйн зэрэг байгууллагуудын завсарт нэхэмжилчихсэн, бүх шилжиж ирсэн иргэний хэрэг 937-г хэргийн бүрдлийн дүрмээр өөр аймаг сум дор шилжүүлсэн гүйцэтгүүлсэнээс гадна өөрийн ерөнхий торгуулиар 116135 төг 59 мөнгө, өр ширийн хэрэг 794 шийтгэн дуусгасан баймой.

Эдгээр хэргүүдийг аймгийн шүүх нь хүлээн авмагц өөрийн эрх хэмжээний ёсоор төлөв богино хугацааны дотор таслан дуусгаж барагдуулж онц хэцүү буруу өөрөөр хуулийн бодлого дор тохируулан шийтгэж чадсаар ирсэн буюу харъяа аппадын доторхи ажил хэргийг зохицуулах талаар зөв арга хэмжээ авч тоо бүртгэлийн зэрэг ажлуудыг нилээд сайнаар цэгцлэн эмхэтгэсний дээр мөн он дор 27 сумдаар биесээр очиж удирдлага зааврыг өгсөн буюу нийлүүлж нилээд хэд хэдэн хэргүүдийг тасалсан ба сумдын захиргааны тасалсан эрүү иргэний хэргийн тогтоол тушаал бүгд 391-ийг зориуд татан авч хууль зүйд нийцсэн эссэнийг хянаж алдаа буруутайг залруулан хойшид зааварчилсан хийгээд үүнээс давж заалдсан хэрэг 34-г хянаж тасалсан байна. Үүнчлэн эл бүхийлэн өөрөө ажиллан тухай анхаарваас зохих үндсэн зүйлүүдийг биелүүлэх талаар зохих санаачлагыг оруулсаар ирсэн зэргийн гүйцэтгэлүүд буй болохын хамт үүнээс цаашид ч эрх биш гүйцэтгэл дор тэмдэглэж болох зүйлүүд нилээд болохыг бүрэн үл дурьдаж үндсэн зүйлийг товчлон тэмдэглэхийн хамт энэ онд явуулахаар төлөвлөсөн ажлын төлөвлөгөө нь зүйтэй хэмээн үзмой…” хэмээн дурьдсан байна.

Мөн ШУ-ны тэргүүний ажилтан Ш.Цэрэндоогийн судалж тодруулсан баримт, материалд 1923 оны 9 дүгээр сарын 23-нд хошуудын төлөөлөгчдөөс бүрдсэн аймгийн анхдугаар чуулган нээж (хурлын тэргүүн даргаар Пүрэвжав, дэд даргаар Бавуудорж, нарийн бичгийн даргаар Цэнд-Очир, Гэлэн-Ёндон нарыг сонгон хурал удирдуулж)  Түшээт хан аймгийн чуулган даргаар дархан чин ван Пунцагцэрэнг хэвээр сонгон баталж Чуулганы дэргэдэх жасааг өөрчлөн аймгийн яам болгож захирах шийтгэх, цэргийн хэлтэс, албан татварын хэлтэс, зарга шийтгэх хэлтэстэй, хэлтэс бүрт эрхэлсэн түшмэл нижгээдийн орон тоо тогтоож, эдгээр түшмэдийг жил бүр 6 сараар ээлжлэн суулгахаар сонгон баталжээ. 1923 оны 12 дугаар сард аймаг хошуудад зарга шийтгэх хэлтэс байгуулжээ. 1925 оны 12 дугаар сарын 17-нд “Түр цагийн шүүх таслах газар”-ыг байгуулжээ.  1926 оны 4 сарын 16-нд Аливаа шүүх таслах газрыг байгуулах дүрэм батлагдсан. Мөн оны 7 дугаар сарын 2-нд Аливаа хэргийг байцаан шийтгэх хууль батлагджээ.

1927 оны 1 дүгээр сарын 8-нд Богдхан уулын аймгийн Шүүх дарга, байцаагч, зарлага, галч 4 орон тоотой байгуулагджээ. Богдхан уулын аймгийн Шүүх таслах газрын даргаар Буянтын Бат-Очир томилогджээ. Гэжээ.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаас Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах тухай” шийдвэрээр 5 аймаг, 3 хот, 71 хошуунд анхан шатны шүүх байгуулж, аймгийн яамны зарга шийтгэх хэлтсийг татан буулгажээ гэх мэт олон баримт материалыг дурьдсан байх юм.

Эрдэмтэн, судлаач, түүхч хүмүүсийн бичиж туурьвисан материалаас үзэхэд шүүхийн үүсэл эрт дээр үеэс улбаатай байж болох ч 1870 оноос урагш түүхэн баримтыг оруулалгүйгээр хойших баримт материалыг авч үзвэл 1870 оноос  шүүх үүссэн байх түүхэн эх сурвалж байгаа нь Монголын шүүхийн үүсэл, хөгжил 140 гаран жилийн, орон нутаг, аймаг хошуунд 1911 оны Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын дараа гаргасан баримт бичгээс харвал орон нутгийн шүүх 100 гаран жилийн түүхтэй байх материал Монголын сан хөмрөгт хадгалагдаж байдаг байна.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуульд Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно гэж Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд заажээ.

Энэ дагуу Аймгийн шүүх нь Давж заалдах шатны шүүх, сум дундын 1,2 дугаар шүүх, Тамгын хэлтэс гэсэн бүтэцтэй байхаар зохион байгуулагдаж Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Рашзэвэг, Сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Буянтогтох, Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Баяр нар  томилогдож байжээ. 1992 оны Үндсэн хуулиас хойш шүүхийн тухай хуулинд хэд хэдэн удаа өөрчлөлт орж тухайн шүүхийн дарга нь захиргааны удирдлага болон  шүүн таслах чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж, шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, шийдвэр гүйцэтгэх гэх мэт ажил үүргийг гүйцэтгэж ирснийг өөрчилж шүүн таслах ажлын чиг үүргийг Ерөнхий шүүгч, шүүхийн захиргаа, санхүү, боловсон хүчний асуудлыг бие даан шийдвэрлэж байх эрх бүхий байгууллагын тогтолцоог анх удаа бүрдүүлж Шүүхийн тухай хуулиар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож, аймгуудын шүүхийн Тамгын хэлтсийг бий болгож,  захиргаа, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг шүүн таслах ажлын чиг үүргээс тусад нь болгосон явдал нь шүүн таслах ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх гол нөхцөл болж өгчээ. Нийгэм хөгжихийн хэрээр эрх зүйн шинэтгэл улам гүнзгийрч тэр дундаа шүүхийн шинэчлэлийн үзэл баримтлал эрс өөрчлөгдөж дэлхийн улс орнуудын шүүхийн хөгжлийн чиг хандлагад жилээс жилд улам ойртсоор байна. 2012 оны шүүхийн тухай хуульд давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар зааж, улмаар 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуульд зааснаар Сум дундын эрүү, иргэний 23 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүх байгуулагдан ажиллаж байгаад 2015 оны шүүх байгуулах тухай хуулиар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа ба Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.